Хэрүүлээ бүү дэвэргэ!

 

 
Гэр бүлд өрнөсөн үл ялихгүй маргаан мэтгэлцээнийг хэрүүл болгоход нөлөөлдөг ямар ямар хүчин зүйлүүд байдаг вэ?

Нэг: Үзэл бодлоо тулгах. Энэ нь ямар ч хүнд таалагддаггүй. Таны зөв байж болно. Гэхдээ үүнийгээ дуугаа өндөрсгөлгүй эвтэйхэн тайлбарлаж, нотолж сур.

Хоёр: Тэвчээртэй сонс. Хэн хэнийгээ сонсож чаддаггүйгээс үл ойлголцол, уур бухимдал төрдөг шүү дээ. Үгийг нь таслалгүй, биеэ барьж, гүйцэд сонсож сур. Өөрийн байр суурийг сонссоны дараа ярих хэрэгтэй.

Гурав: Түрэмгий харагдахгүй байхыг хичээ. Хүн мэдээллийн 56 хувийг нүдээрээ хүлээж авдаг байна. Жишүү харах, долоовор хуруугаараа чичлэх гэх мэтийн таагүй байдал, дохио зангаа нь “автомат”-аар хүний дургүйг хүргэдгийг санууштай.

Дөрөв: Улирч өнгөрсөн сэдвийг бүү хөнд. “Чи тийм байсан, ийм байсан” гэх зэргээр улирч баларсан үйл явдал, тохиолыг сөхөх хэрэггүй. Ингэх нь нөгөө талаа уурлуулахаас өөр үр дүнгүй.

Тав: Ах дүү, хамаатан саданг нь бүү дурьд. Удам угсаа, уг сурвалж, бэл бэнчинг нь яриандаа хөндөж болохгүйг анхаар. Энэ нь үзэн ядалтанд хүргэж болох хэрүүл болон хувирах өндөр магадлалтай.

Зургаа: Гадаад дүр төрхийг нь бүү гоочил. Ер нь хамгийн бүдүүлэг хүн л ханийнхаа гадаад төрхийг гоочилж болзошгүй юм. Та ийм биш гэдэгт итгэж байна.

Аливаа маргааны “аюултай” шугамаас давахгүй байхад анхаарах нь хувь хүний мэдрэмжээс мөн шалтгаална. Яриа нэг л эвгүй тийш хазайх гээд байвал, найз нь өнөөдөр тун их ажилтай (ядарч) байна, хоёул яриаг хойшлуулъя гэдэг ч юм уу эвтэйхэн зайлсхийх нь уур амьсгалыг зөөлөрүүлэхэд мөн тустай.

 
хүүхдийнхээ дэргэд мөн гадны гадны хүний дэргэд бүү хэрэлд. 
Олон нийтийн газар бусад хүмүүцийн анхаарлын төвд муудалцах нь тийм зүй ёсны хэрэг  биш нь мэдээж.