Дарс таниж амтлах нь урлаг бөгөөд гоо зүйн мэдрэмжийн нэгэн хэмжүүр болдог байна. Хөгжингүй орнуудын өндөр зэрэглэлийн ресторанууд зах зээлээ алдахгүйн тулд байнга өрсөлдөнө. Өрсөлдөх чадварын үзүүлэлтын нэг нь дарсны шинжээчдийнх нь амталгааны үзүүлбэр .Эрхэмсэг хатагтай та ч ийм ёслолтой нэг биш удаа таарч байсан болов уу?Шинжээчид дарсыг хэрхэн хундгалж, гэрэлд хэр удаан хардаг билээ.

Тэгснээ нүдээ аньж байгаад анхааралтай нь аргагүй үнэрлэж байснаа болгоомжтой амсана. Зүгээр нэг амсахгүй тамшаалан « чагнана».

Шинжээчдийн түвшинд биш ч дарсыг таньдаг байх нь өнөөдөр албан хэрэгцээний шаардлага болжээ. Зочид хүлээн авах, хүлээн авалт зохион байгуулах гээд орчин үеийн ажил хэргийн чухал хэсэг нь дарсны хэрэглээ,түүний тухай мэдлэг, сонголт юм. Дарсыг үнэрлэж харж хүртэж мэдрэнэ. Хатуулаг чанарыг нь хэлээрээ мэдэрнэ. Италичууд дарсны «халууныг» үзэх ч гэж ярьдаг. Харин хүртсэнээр аманд хэр зэрэг тэмтрэгдэж, наалдигатан чимчигнэж, хэл ам дарвигануулж буй зэрэг шинж чанарыг мэдэрч болно.

Дарсыг үнэрээр таних нөхцлийн нэг нь зориулалтын хундага юм.

Дарсны хундага өргөн пагдгардуу, доод хэсэгтээ тавиу, дээшээ нарийссан хэлбэртэй байдаг. Алтанзул цэцэг мэт энэ хэлбэр нь хундаган дахь дарснаас гарах үнэрийг нэг цэгт төвлөрүүлж үнэрлэх боломж олгодог. Дарсыг хундганы хамгийн өргөн хэсэгт нь хүртэл хийдэг.

Дарсны чанарын үзүүлэлтүүдэд тунгалаг байдал, өнгө ханасан байдал, хөөсрөлт зэрэг орно. Тодорхойлохын тулд дараах байдлаар ажиллана.

Дарсаа хундганы дөрөвний нэг хүртэл аажмаар хийнэ. Тэгээд нүдний түвшинд өргөж гэрэлд харна. Байгалийн гэрэлд бол сайн. Чийдэн болон неон гэрэл өнгө гажуудуулдаг. Гэрэлд харсны дараа хундагаа буулган 45 грудус хазайлгаж байгаад дахин нүдний түвшинд өргөнө. Эцэст нь хундагатай дарсаа тойрог маягийн хөдөлгөөн хийж зөөлнөөр зайлна. Энэ нь юуны өмнө дарсны тунгалаг чанарыг дүгнэж байгаа хэрэг. Ямар нэг тундасгүй бол тунгалаг байна гэсэн үг. Гэхдээ удаан дарсан дарсны хувьд хундаганы ёроолд бага зэргийн тунадас үзэгдвэл зайлах гэсний хэрэггүй. Өөрөөр хэлбэл, тэр тунадас дарсны насыг илтгэж байгаа ажээ. Нөгөө талаар тунгалаг чанар нь өнгөний ханасан байдалтай холбоотой. Италичууд дарс тунгалаг биш байж болно харин цэвэр байх ёстой гэж үздэг байна. Өнгө гүн байх нь дарсны ханасан байдлыг илтгэнэ.

Дарсны өнгө олон хүчин зүйлээс хамаардаг. Усан үзэмний төрөл, тариалангийн талбайн хөрс, нэрэлтийн технологи, нас зэргээс шалтгаана. Будагч бодис цагийн явцад чанараа өөрчилдөг нь өнгөний хувиралд нөлөөлдөг байна. Тэгэхлээр дарсны насыг өнгөөр нь тодорхойлж болно гэсэн үг. Цагаан вино эхний жилдээ ногоон, хоёр дахь жилдээ цайвардуу сүрэл өвсний өнгөтэй болдог байхад хэдэн жилийн дараа алтлаг шаргал, «хөгшрөөд » ирэхээрээ хув шаргал болдог байна.

Дарсны 80 хувь нь ус, 9-13 хувь нь алкаголь болон хүчил, сахар, глицерин гээд 60 орчим химийн нэгдлээс тогтдог. Энэ бүхэн дарсны өнгө, үнэр, консистенцийг тодорхойлно